2015 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд сум шинэ спорт залны нээлтийг хийлээ. Шинэ спорт залны нээлтээр
хүчит бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсанаас гадна
урлаг уран сайхны арга хэмжээ явууллаа. Хүчит бөхийн барилдаанд аймгийн
начин Н.Баярдамба, сумын заан А.Батзаяа, Б.Анхбаяр нараар ахлуулсан 32
бөх хүч чадлаа сорин барилдснаас сумын заан А.Батзаяа түрүүлж, сумын
харцага н.Жамьяндорж үзүүрлэв. Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 7 баг
оролцсноос Номун Элч ахлах сургуулийн баг тэргүүн байранд, Засаг даргын
тамгын газрын баг хоёрдугаар байранд, Эрүүл мэндийн төвийн баг
гуравдугаар байранд орсон бол эмэгтэй 9 баг оролцсноос Номун Элч ахлах
сургуулийн багш нарын баг тэргүүн байранд, Баянхошуу багийн баг
хоёрдугаар байранд, Номун Элч ахлах сургуулийн ажилчдын баг гуравдугаар
байранд тус тус шалгарлаа.
Сумын сайн дурын уран сайханчид шинэ
соёлын төвийн нээлтийн урлаг соёлын арга хэмжээг өргөн дэлгэр зохион
байгуулан явууллаа. Мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжүүдээс “Арвайн гэгээ” ХХК-ны захирал Ч.Баярбат, “Андын тэмүүлэл”
ХХК-ны инженер Бямбадорж нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож шилдэг
тамирчдын дунд тэмцээн зохион байгуулан 100000 төгрөгөөр ивээн тэтгэж
явууллаа. Шинэ соёлын төвийг барьж байгуулахад “Арвайн гэгээ” ХХК 100
сая төгрөгийн хөрөнгө оруулалт, “Андын тэмүүлэл” ХХК 10 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт хийсэн байна.